Экскаваторчин бүсгүй Г.АМГАЛАНЗАЯА
“Liebherr-R 9100” гидроэкскаваторыг чадмагхан жолоодож буй 20 гаруйхан настай бүсгүй бол Гантулгын Амгаланзаяа. Баргилтын төмрийн хүдрийн ил уурхайн олборлолтын ажилд шинэ өнгө, хүчийг нэмсэн энэхүү хүчирхэг техникийг тэрээр хүлээж аваад удаагүй байгаа ажээ.
Орчин цагийн дэвшилтэт технологиор тоноглогдсон бүтээмж өндөртэй экскаваторын “эзэн” өөртөө итгэлтэй, шаргуу зүтгэлтэй залуу бүсгүйтэй ажлынх нь завсраар хэсэг зуурхан уулзах завшаан тохиов.
“Уурхайд анх ажиллахад дан эрчүүд байлаа. Экскаватор хэрхэн жолоодохыг тэд надад чин сэтгэлээсээ зааж сургасан. Жолоодож сурахын тулд би нэлээд дадлага сургуулилт хийж билээ” хэмээн Амгаланзаяа даруухнаар инээмсэглэн өгүүлэв.
2017 онд залуу бүсгүй Баргилтын уурхайд дадлага хийхээр иржээ. Уурхайн техникүүд анх сүрдмээр том санагдаж. Гэсэн хэдий ч “Энд хүмүүс ажиллаж болж байхад би бас чадна шүү дээ” гэсэн итгэл түүнд төрж, экскаватортой холбоотой зүйлүүдийг уншиж судалж эхэлсэн байна. Ийнхүү Говь-Сүмбэрийн Политехникийн коллежийн оюутанд хоёр жилийн дараа уурхайн үндсэн ажилтан болох зам нээгдэн хамт олны дундаа итгэлийг нь хүлээсэн болжээ. Геологич, цахилгаанчин гээд хэдхэн бүсгүй Баргилтын төмрийн уурхайд ажилладгаас ганц эмэгтэй экскаваторчин нь Амгаланзаяа юм.
“Би анхандаа механик болно гэж боддог байлаа. Тиймдээ ч механикийн дадлага хийхээр ирсэн. Гэтэл экскаваторын кабинд анх сууж үзэхэд ямар гоё сэтгэгдэл төрсөн гэж санана. Тэр цагаас хойш энэ сайхан
техникийг жолоодож байна даа” хэмээн оператор бүсгүй ярих нь урам зоригийг төрүүлнэ. Баргилтын төмрийн хүдрийн ил уурхайн цехийн хамт олон нэгэн гэр бүл мэт бие биедээ элэгсэг дотно, халуун дулаан сэтгэлтэй. Гидроэкскаваторчид нь амь нэгтэй гэж жигтэйхэн.
Түүний халамжит ханийг Э.Одсүрэн гэдэг. Баяжуулагч мэргэжилтэй. Баргилтын уурхайн хуурай соронзон баяжуулалтын хэсэгт ажилладаг. Гэр бүлээрээ уурхайн хүмүүс. Мэдээж залуу гэр бүлд гэгээн сайхан хүсэл мөрөөдөл, хийж бүтээхийн их үйлс бий. “Сайхан амьдрах л бидний зорилго. Хүүхдүүдээ чанартай, сайн сургуульд сургахаас эхлээд бодож санаж явдаг олон зүйл бий” хэмээн экскаваторчин бүсгүй сэтгэлээ уудлав.
Уурхайд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа мэдээж номер нэг. Түүний нэн түрүүнд даган баримталдаг зүйл нь энэ. Тиймдээ ч сайн ажиллахын тулд сайн амарч байх хэрэгтэй гэсэн дүрмийг тэрээр дагана.
Уурхай дагасан, уурхайчдын амьдрал буцалсан Бор-Өндөр хот маань сайхан хөгжиж байна, амгалан тайван, залуу гэр бүл ажиллаж амьдрахад нэн таатай хэмээн Амгаланзаяа маань өгүүлэв.
Монголын шинэ цагийн уул уурхайн салбарт хүчирхэг техникүүдийг эрчүүдтэй мөр зэрэгцэн өөртөө итгэл дүүрэн жолоодож байгаа бүсгүйчүүд тийм ч олон биш. Тэдний нэгэн төлөөлөл, Баргилтын төмрийн хүдрийн уурхайн экскаваторчин эмэгтэйн хөдөлмөр зүтгэл, амьдралынх нь тухай багахан нээн тольдоход ийм байна.
Hi, this is a comment.
To get started with moderating, editing, and deleting comments, please visit the Comments screen in the dashboard.
Commenter avatars come from Gravatar.