Аймгийн Засаг дарга агентлаг, төрийн байгууллагуудын удирдлагуудтай 2025 онд хамтран ажиллах гүйцэтгэлийн төлөвлөгөөг үзэглэв.
![](https://miningtvet.gs.gov.mn/wordpress/wp-content/uploads/2025/01/475163970_1009576261212677_8068885388208952339_n-780x470.jpg)
Аймгийн засаг даргаас сум, агентлагийн дарга нартай 2025 онд хамтран ажиллах гэрээ байгуулах арга хэмжээ боллоо.
Аймгийн Засаг даргаас сумын Засаг дарга, агентлаг, төрийн үйлчилгээний болон орон нутгийн өмчит байгууллагуудын удирдлагуудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.
Арга хэмжээг нээж аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ үг хэлэхдээ Монгол Улсын Их хурлаас “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг шинэчлэн баталж, Хангай, Баруун, Хойд, Төв, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн бүсчлэлээр хөгжих бодлого, бүсүүдийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон.
Энэ дундаас Говийн бүсийг “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс”, Говьсүмбэр аймаг бүсийн дэд бүтэц, тээвэр-логитик, хуурай боомтын тулгуур төв болж олон улсын худалдааны төв, терминал, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл, тэр дундаа оёдлын кластер загвараар хөгжих бодлогыг тусгасан.
Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусган баталснаас 10 мега төсөл нь говийн бүсэд хэрэгжих бөгөөд эдгээр төслүүд нь бүгд манай аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд шууд үр нөлөөгөө өгнө.
Иймээс бид Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бүсчилсэн хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүд, тэдгээрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог хангах, аймгийн эдийн засгийн бие даасан байдлыг бүрдүүлэхэд чиглэсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ.
2025 онд бид бүгд өмнөх онуудад эхэлсэн дулааны станц, цэвэрлэх байгууламж, Боржигин чуулга, спорт цогцолбор, инженерийн дэд бүтэц, авто зам, сургууль, цэцэрлэгийн барилга болон бусад хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг чанар, тоо хэмжээний өндөр гүйцэтгэлтэй үргэлжлүүлэн гүйцэтгэхээс гадна Чойр хотын ерөнхий төлөвлөгөөний хүрээнд инженерийн шугам сүлжээг өргөтгөх, орон сууцжуулах төслийг эхлүүлэн, салбар бүрт улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөс гадна төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шинэ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөөд байна.
Мөн энэ онд Бүсчилсэн хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газраас Бүсийн зөвлөлүүдийг байгуулан, 2040 он хүртэлх бүсийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулан ажиллахыг үүрэг болгосны дагуу Бүсийн зөвлөлийн ажил, үүргийг тухайн бүсэд хамаарах аймгууд нэг, нэг жилээр хариуцан ажиллахаар шийдвэрлэн энэ онд манай аймаг зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулж, Бүсийн дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох томоохон үүргийг хүлээлгээд байна. Ингэснээр бидэнд нөгөө талаараа бүсийн аймгуудаас түрүүлэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг санаачлан хэрэгжүүлэх, эдийн засаг, нийгмийн олон асуудлаа шийдвэрлэх боломж бүрдэж байгаа гэж харж байна.” гэлээ.
Аймгийн Засаг даргааас байгууллагын дарга нарт 2025 онд нэн тэргүүнд дараах асуудлуудлыг анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Үүнд:
1. Удирдах албан тушаалтнууд ёс суртахуун, мэдлэг, ур чадвар, идэвх оролцоо хариуцлагаа дээшлүүлэн, цаашлаад хууль ёсыг баримтлан, байгууллагын эерэг соёл бүрдүүлэн, дэг журмыг сахиулах, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, төрийн болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх
2. Орон нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлж байгаа аливаа төсөл, арга хэмжээний зохион байгуулалтыг сайжруулж, иргэдийн шаардлага, хүлээлтэд нийцсэн, асуудлыг шийдвэрлэсэн, нийгэм, олон нийтэд үлгэр дуурайлал болох, эерэг хандлага, сэтгэлгээг бий болгоход анхаарах.
3. Аймаг, орон нутаг, төрийн байгууллагуудаас зохион байгуулж байгаа арга хэмжээнд хамт олны оролцоог бүрэн хангаж, ач холбогдол өгөн оролцох, төрийн албан хаагчдын цаг баримтлах, бусдыг хүндэтгэх, хамт олонч, ажил хэрэгч, үнэнч шударга, үүрэг хүлээх, нөгөө талаараа хариуцлага хүлээх чадварыг дээшлүүлэх.
4. Орон нутаг, салбар, байгууллагын түвшинд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд идэвх зүтгэл гарган, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэд, бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, ямар нэгэн байдлаар дарамт шахалт, саад тотгор үзүүлэхгүй байх.
5. Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлж байгаа өргөдөл, гомдол, санал хүсэлтэд анхааралтай, ялгаварлалгүй хандаж, шуурхай, бодитой шийдвэрлэх, иргэдэд мэдээ мэдээллийг цаг алдалгүй, үнэн зөв, хүртээмжтэй хүргэх.
6. Байгууллагын гадна, дотор тохижилтыг сайжруулах, ариун цэврийн өрөө, гарц, хаалга, шат, гадна зам, зогсоол, гэрэлтүүлгийг сайжруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, хотын тохижилт,өнгө үзэмжид нөлөөлж байгаа хашаа болон шаардлагагүй обьектыг буулгах, орчны хог хаягдлыг тогтмол цэвэрлэх зэргээр төрийн үйлчилгээ үзүүлэх орчны стандартыг сайжруулахад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Эх сурвалж: Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар
![](https://miningtvet.gs.gov.mn/wordpress/wp-content/uploads/2025/01/475277697_1009572101213093_3351095334254040239_n-1024x683.jpg)
![](https://miningtvet.gs.gov.mn/wordpress/wp-content/uploads/2025/01/475132554_1009573157879654_5108891221970722705_n-1024x683.jpg)