Хийж гүйцэтгэдэг ажил

Анхдагч хүдрийн эрдэс болон химийн найрлагыг тодорхойлж, ядуу агуулгатай хүдрийг төрөл бүрийн баяжуулалтын арга ашиглан ашигт эрдсийн агуулгыг нь өндөрсгөх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Ажлын байранд ашиглах багаж, хэрэгсэл

Төвөөс зугтах хүчний төхөөрөмж, концентратор, тунаах машин, сэгсрэх машин, мушгиа ангилагч, хүнд орчны сеператор, изодинамик соронзон сеператор, цахилгаан соронзон сеператор, нойтон соронзон сеператор, давис тюб соронзон анализатор, төрөл бүрийн урвалжууд, лабораторийн багаж тоног төхөөрөмж, компьютер, хэвлэгч, олшруулагч гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Геологи, уул уурхайн ашигт малтмалын баяжуулалтын технологи чиглэлээр бакалавр болон түүнээс зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг, чиглэл

  1. Хүдрийг баяжуулалтанд бэлтгэх, бутлах, шигших, тээрэмдэх, ангилах, угаах ажлын технологийн горимийн судалгаа хийх, баяжуулалтанд хэрэглэх машин тоног төхөөрөмжийг ажиллуулах, тэдгээрийн сонголт хийх, зохион бүтээх.
  2. Баяжуулах технологи буюу ашигт малтмалын хими, физик, механик шинжээс хамаарах баяжуулах аргууд, баяжмалыг усгүйжүүлэх, бүтээгдэхүүнийг сорьцлох, хянах арга ажиллагааг зохион байгуулах, удирдах.
  3. Үйлдвэр, цех, хэсгийн ажлын технологи уялдаа холбоог зохистойгоор өөрчлөх, технологийн болон эдийн засгийн тооцоо хийх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх.
  4. Ашигт малтмалын баяжигдах шинж чанарыг судлах, хүдрийн бүхэллэг хэсгийг багасгах, ширхэглэлийн тархалт, сулралын зэргийг тодорхойлох, нүүрс угаах болон боловсруулах технологийн сонголт хийх.

Ажилах салбар

Баяжуулалт

Уул уурхай техникч

Ил уурхай

Мэргэжлийн ур чадвар

Ашигт малтмалыг баяжуулах арга, хэрэгсэлийг сонгох, технологийн шийдэл гаргах, геологийн мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний програм болон зураг төслийн загварчлалын програмууд дээр ажиллах, тооцоолох, загварчлах, шийдвэр гаргах, судалгаа хийх, мэдээлэл цуглуулах, суралцах, бие дааж болон багаар ажиллах ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Физик, хими, математикийн өргөн мэдлэгтэй инженерийн сэтгэлгээтэй, экологийн боловсролтой, сэтгэн бодох , дүрслэх, хянуур, нямбай, тэвчээр хатуужилтай, техникт сонирхолтой, нарийн багаж дээр ажиллах, манлайлах, удирдан зохион байгуулах, ажлын ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн бус

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн болон ээлжийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм мөрдөөгүйгээс осол, гэмтэл, бэртэл гарах, технологийн горим мөрдөөгүйгээс гологдол, чанаргүй бүтээгдэхүүн гарч алдагдалд орох.

Ирээдүйд ахиж дэвших боломж

Уурхайн баяжуулалтын мастер, инженер, технологичоос гадна шинжлэх ухаан, боловсролын салбарт эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, багшаар ажиллах, уурхайн баяжуулалтын үйл ажиллагааг удирдах зэргээр ахиж боломжтой.