Хийж гүйцэтгэдэг ажил

Уурхайн менежер нь газрын тос, хий болон ил ба далд уурхайн олборлолт, эрдэс бүтээгдэхүүний боловсруулалтын үйл ажиллагааг төлөвлөх, оновчтой зохтон байгуулах, удирдан чиглүүлэх, шийдвэр гаргаж ажилладаг.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер, хэвлэгч, олшруулагч, скайнер, телефон утас, факсын аппарат гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Бизнесийн удирдлага болон уул уурхайн инженерын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг, чиглэл

  1. Үйлдвэрлэлийн норм, норматин тогтоож, олборлолт явуулах талбайг төлөвлөх, цагийн горм тогтоох мөн хангалтыг шийдвэрлэх замаар үйлдвэрийн үйл ажиллагаа болон чанарт хяналт тавих, үйлдвэрлэлийн бүртгэл, тайланг бэлтгэх.
  2. Түүхий эдийг олборлох бодлого боловсруулах асуудлаар бусад менежерүүдтэй зөвлөлдөх, харилцан мэдээлэл солилцох.
  3. Хүний нөөц, ашиглагдаж буй тоног төхөөрөмж, технологийн хангамжийг тодорхойлж үйлдвэрлэл явуулж байгаа талбайн үр ашгийг үнэлэх.
  4. Шаардлагатай тохиолдолд ажлын төлөвлөгөө болон тоног төхөөрөмжийг шинэчлэх, өөрчлөх.
  5. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн гаргалт, үйлчилгээ хүргэлтийн чанар, тоо хэмжээ, өртөг зардал, цаг хугацаа, шаардагдах ажиллах хүчин зэргээр нь нарийвчлан төлөвлөх.
  6. Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хариуцаж ажиллуулах, шинэ машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, худалдаж авахад хяналт тавих.
  7. Төсөв батлах, удирдах, өртөг зардлыг хянах, зардлыг бууруулахын тулд үйл ажиллагаа, хэм хэмжээ, нөөцийг тохируулан өөрчлөх, хүний нөөцийн сонголт, сургалт, хөдөлмөрийн эрүүл ахуйн, аюулгүй байдлын стандартын хэрэгжилтийг зохицуулах.

Мэргэжлийн ур чадвар

Уул уурхайн үйлдвэрлэлийн технологи, зохион байгуулалт судалсан, төлөвлөх, тооцоолох, тайлагнах, алсын хараатай, гадаад хэлний мэдлэгтэй, ажлын ачаалал даах, хүнтэй ажиллах ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Цаг хугацаа, орон зайн мэдрэмжтэй, ажигч, гярхай, хурдан шуурхай, зааж сургах, бие дааж болон багаар ажиллах, манлайлах, хариуцлагатай, шийдвэр гаргах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн бус, хүнд нөхцөл.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Үйлдвэрлэлийн зардлын төлөвлөлт алдаатай хийгдсэнээс материал, техникийн хангамж тасалдах, сул зогсох, өр төлбөрт орох, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм мөрдөөгүйгээс үйлдвэрлэлийн осол гарах.

Ирээдүйд ахих дэвших боломж

Уул уурхайн менежер нь ил болон далд уурхайн менежер, төслийн менежер, уурхайн эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн зэрэг албан тушаалуудад ахж дэвших боломжтой.